Өчигдөр “Эмэгтэйчүүдийн эрх” уулзалт хэлэлцүүлэг болж салбар бүрийн төлөөлөл болсон 350 гаруй эмэгтэй оролцлоо

2018-03-09

Өчигдөр “Эмэгтэйчүүдийн эрх” уулзалт хэлэлцүүлэг болж салбар бүрийн төлөөлөл болсон 350 гаруй эмэгтэй оролцлоо. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Оюунцэцэг ажлын тайлангаа тавьж тэргүүний ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэний дагуу аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнийг сонгож, бүтэц бүрэлдэхүүнийг шинээр сонгов. Тухайлбал, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг нийт оролцсон эмэгтэйчүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон юм. Харин Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн 9 хүн байсныг 21 болгож салбар бүрийн төлөөллөөс манлайлагч болсон эмэгтэйчүүдийг сонголоо. Эдгээр тэргүүлэгчид маань аймаг орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах юм. Ийнхүү өнөөдөр шинээр сонгогдсон тэргүүн болон тэргүүлэгч нарын төлөөллийг байлцуулан Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүний ажлыг хүлээлцлээ.

Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүний ажлыг 15 жил хийж гүйцэтгэсэн Л.Оюунцэцэг хэлэхдээ “Энэхүү ажлыг миний хувьд 2003 оноос хойш хийхдээ эмэгтэйчүүдийнхээ төлөө өөрийн хариуцсан ажил үүргийнхээ хүрээнд зохих хувь нэмрийг оруулж, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийнхээ төлөө багагүй ажлыг хийж ирсэн. Энэхүү ажлыг эрч хүчтэй залуу хүн тэр, дундаа аймгийн удирдах түвшинд ажиллаж байгаа хүн хийх болсонд талархалтай байна. Мөн шинээр сонгогдсон тэргүүлэгчид ч гэсэн эрч хүчтэй, манлайлагч болсон эмэгтэйчүүд байгаа учраас ихийг хийж бүтээнэ гэж найдаж байна. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье” гэдгийг онцолсон юм.

Шинээр сонгогдсон Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ч.Уранчимэг “Аймгийн нийгмийн салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд энэ салбарт чиглэсэн хэд хэдэн дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид энэхүү ажлынхаа уялдаа холбоог сайжруулж эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Эмэгтэйчүүд та бүхэн минь санал санаачилгатай байж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлэв.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР