Кадастрын зураг гаргаснаар тухайн газрыг ашиглах, эзэмших эрх үүсдэггүй

2018-03-29

Өмгөөллийн “Де Юре Партнерс” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Г.Цагаанбаяраас газрын маргаан, зөрчилтэй холбоотойгоор иргэдэд хамгийн их тохиолддог асуултаар тодруулга авлаа.

-Иргэдэд өөрийн газар дээрээ 2 жил байшин, үл хөдлөх хөрөнгө бариагүй бол газрын алба хурааж авдаг гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн үү?

-Иймэрхүү төөрөгдөл хүмүүст байдаг. Үл хөдлөх хөрөнгө бариагүй гэсэн шалтгаанаар газар өмчлөх, эзэмших эрхийг нь цуцлах ойлголт байхгүй. Харин Газрын тухай хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт бий.

-Өөрийнх гэрчилгээтэй газар дээр нь хашааг нь нураагаад хэн нэгэн хүн байшин барьчихвал иргэн хаана хандах ёстой вэ?

-Газрын тухай хуульд зааснаар хоёр иргэний хооронд үүссэн газрын маргааныг Дүүргийн газрын алба, тухайн дүүргийн Засаг дарга нь шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Тийм учраас тухайн иргэн эхлээд дүүргийнхээ газрын албанд хандаад хэнийх нь өмчлөх эзэмших эрх нь түрүүлж баталгаажсаныг шалгуулна. Өөрийн эрх нь түрүүлж баталгаажсан байвал газраа чөлөөлүүлэх, хохирол учирсан бол өөрт учирсан хохирлоо шүүхээр нэхэмжлэх эрхтэй.

 

-Кадастрын зураг давхардсанаас үүдэлтэй маргаан нэлээн байдаг. Кадастрын зураг газар ашиглах эзэмших эрх мөн үү эсвэл...?

-Иргэд кадастрын зураг гаргуулчихвал тухайн газраа өөрийнх болчихлоо гэж эндүүрдэг. Гэтэл зөвхөн кадастрын зураг гаргаснаар тухайн газрыг ашиглах, эзэмших эрх үүсдэггүй. Газрын тухай хуульд зааснаар газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг.

Кадастрын зураг хийх маш олон хувийн компани бий. Тэд тухайн газар кадасрт давхацсан эсэхийг харж шалгах боломжгүй байдаг. Харин улсын нэгдсэн кадастрын бүртгэл гэж бий. Үүнээс давхацсан эсэхийг тодруулдаг. Иргэд эхлээд газраа авахын тулд тухайн газар нь иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг харъяа дүүргийнхээ газрын албанаас тодруулах ёстой. Хэрэв албан ёсоор газрын төлөвлөгөөнд орсон байвал өөрийн сонгосон газар өмнө нь хэн нэгэн хүн авсан эсэхийг Дүүргийн газрын албанаас тодруулж, шалгах шаардлагатай. Үүний дараа л кадастрын зураг хийлгэж болно гэсэн үг. Дараа нь тухайн дүүргийн газрын мэргэжилтэнг дагуулж очоод газраа үзүүлж эзэмших хүсэлтээ өгнө. Мөн Дүүргийн газрын албанаас шаардсан материал бичиг баримтыг бүрдүүлж хүсэлтээ гаргах дарааллаар явах ёстой.

- Зайсангийн орчимд Тухайн газраа олон жил амьдарсан боловч газрын гэрчилгээгээ авч чаддаггүй хүмүүс бий. Шалтгаан нь дархан цаазтай газрын бүсэд амьдардаг гм. Энэ тохиолдолд иргэн газраа чөлөөлөөд нүүх ёстой юу эсвэл шүүхэд хандах уу?

-Энэ тохиолдолд иргэн шүүхэд хандах эрх нь нээлттэй. Би иймэрхүү 10-аад хэрэг дээр ажиллаж байсан. Тухайн иргэн субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзээд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх үндсэн эрхтэй байдаг. Харамсалтай нь манай иргэд яг хаана, яаж хандахаа мэдэхгүй цаг алддаг. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахын тулд шууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хаалга мөргөдөг. Гэтэл хуулиараа бол эхлээд тусгай хамгаалалтын захиргаанд хандаж хүсэлтээ гаргах ёстой. Эндээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүсэлтийг нь илгээдэг журамтай. 

Зөрчигдсөн эрхээ сэргээхийн тулд холбогдох баримтыг цуглуулах ёстой. 

Үүнд тухайн газраа хэдэн жил оршин суусан гэдгээ нотлох шаардлагатай. Иргэн он удаан жил тухайн газраа амьдран суусан гэдгээ батлахын тулд иргэний үнэмлэх, оршин суугаа хорооныхоо өрхийн бүртгэлийн дэвтэр, мөн гэртээ цахилгааны шугам татсан бол цахилгааны гэрээ, төлбөр төлсөн баримт, сонгууль өгч байсан баримт хүртэл тухайн газар оршин сууж байсныг батлах нотлох баримт болдог.

-Газар эзэмших, газар өмчлөх эрхийн ялгаа нь тодруулж өгнө үү?

-Газар өмчилнө гэдэг туйлын эрх юм. Өөрөөр хэлбэл таны машин, орон сууц шиг таны өмч хөрөнгө болчихож байгаа хэрэг. Харин газар эзэмшинэ гэдэг тодорхой болзол, тодорхой хугацаатайгаар газар ашиглаж байгаа хэлбэр. Иймээс таны өмч болчихлоо гэсэн үг биш. Газар өмчлөх гэрчилгээ дээр хугацаа байдаггүй, харин газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 15-60 жил гэж заасан байдаг шүү дээ.

-Газрын төлбөрөө төлөөгүйгээс болж улс газрыг нь хураах уу?

-Хуулиараа иргэд газар эзэмшиж, ашиглаж байгаа аль нь ч бай төлбөрөө улирал тутамд төлөх ёстой. Ажиглаж байхад иргэд ихэвчлэн жилдээ ганц удаа төлдөг гэсэн ташаа ойлголттой байх нь бий. Хэрвээ цаг тухайд нь төлөхгүй бол газрын гэрчилгээгээ хүчингүй болгуулах эрсдэлтэй.

-Шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллын барилга оршин суугчдын нарны гэрэл халхалдаг, хэт ойр барьдаг орц гарц хаадаг тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд иргэн хаана хандах вэ?

-Нар үзэх эрх гэж ойлголт, эрх гэж бий. Барилгын тухай хуулиар барилга хоорондын зайг зохицуулж өгсөн стандарт журам байгаа. Үүний дагуу хэт ойр барилга барих, нарны гэрэл халхлах тохиолдолд мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж шалгуулж болно. Гомдлыг утсаар болон бичгээр гаргаж болно. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын стандартыг мөрдүүлэх, хэрэв үнэхээр стандартаа зөрчиж барилга барьж байгаа бол зогсоолгох, боломжтой. Мөн түүнчлэн орц гарц хаасан асуудал байгаа бол Иргэний хуульд заасны дагуу орц гарцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

-Газрын маргаанаас үүссэн хохирлыг хэн барагдуулах ёстой вэ?

-Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах зарчимтай. Тухайлбал таны газар руу дур мэдэн орж, хашааг тань нураасан бол тухайн иргэн, аж ахуй нэгжээс, та газраа хууль ёсны дагуу өмчилж, эзэмшиж байхад давхардуулан газар олгосон бол давхардуулан газар олгосон албан тушаалтнаас өөрт учирсан хохирлоо шаардах жишээтэй. 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна бэ?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР